“Улаанбаатар Элит”-ийн эцэг, эхчүүд спортоор өрсөлдлөө

PS (0)

“Улаанбаатар Элит”-ийн эцэг, эхчүүд спортоор өрсөлдлөө

Удахгүй болох гэж буй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Цэргийн баярыг тохиолдуулан “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн хамт олон өнгөрсөн амралтын өдрүүдэд сурагчдынхаа эцэг, эхчүүдийн дунд спорт өдөрлөг зохион байгууллаа. Ээж, аав нар болон багш нарын баг шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдсөн юм.

Сургуулиас зохион байгуулсан энэхүү өдөрлөгт эцэг, эхчүүд төдийгүй сурагчдын эмээ, өвөө нар хүртэл маш идэвхтэй оролцсоныг дурдах хэрэгтэй. Тэдний нэг, 2а ангийн сурагч Э.Удвалын өвөө Л.Баясгалан “Би ширээний теннисний тэмцээнд оролцож байна. Эцэг, эхчүүд ингэж цуглаад биеийн тамирын арга хэмжээнд оролцож байгаа нь эрүүл мэнд талаасаа ч тэр, нэг нэгнээ таньж мэдэж байгаа нь дулаан орчин бүрдүүлж байна гэж бодож байна. Манай бага хүү “Улаанбаатар Элит”-ийг төгсөөд дөрвөн жил болж байна. Сургуулиас зохион байгуулдаг арга хэмжээнүүд их зүгээр, сайхан санагддаг” гэсэн бол 1а ангийн сурагч А.Хангалын ээж А.Нямаа “Би ширээний теннис, волейболын тэмцээнд оролцсон. Энэ өдөрлөгийн уур амьсгал маш их таалагдлаа. Эцэг, эхчүүд нэг өдөр сургууль дээр өөрсдийнхөөрөө байж, спортоор өрсөлдсөн нь таатай байлаа. Олон ээж, аавтай танилцаж, хүүхдүүдийнхээ сурлага, хүмүүжлийн талаар ярилцаж хүртэл амжсан. Хүүхдүүд маань эрүүл, зөв хоол иддэг юм байна. Үүнд нь их баярлалаа. Мөн тэмцээнд оролцсон ээжүүд болон гэртээ байгаа ээжүүдэд сарнай, ном гээд бэлэг өгч, хүргүүлсэн нь биднийг их баярлууллаа. Жижигхэн ч гэсэн сэтгэл гаргаж байгаа нь гоё санагдсан. Хүүхдээ зөв сургуульдаа өгчээ гэж илүү итгэлтэй боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Өдөрлөгт оролцсон болон, оролцож амжаагүй бүх ээж, аав нартаа удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Цэргийн баярын мэндийг дэвшүүлье.

Blog Attachment

Leave us a Comment

logged inYou must be to post a comment.