“Улаанбаатар Элит”-ийн “Монгол гоёо” шоу амжилттай боллоо

abc (5)

“Улаанбаатар Элит”-ийн “Монгол гоёо” шоу амжилттай боллоо

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулж буй “Монгол хэл, соёлын долоо хоног” арга хэмжээний хүрээнд “Монгол гоёл” загварын шоуг өнөөдөр зохион байгууллаа. Сурагчид болон багш нар бүгд монгол үндэсний дээлээр гоёж, анги бүр өөрийн загварын шоуг үзүүлсэн нь Монгол хэл, соёлын долоо хоногийн бас нэгэн сонирхолтой үзүүлбэр байлаа. Монгол уламжлалыг хадгалж, үндэсний хувцасны хэв шинжийг агуулсан төрөл бүрийн загварын дээлээр гоёсон бяцхан сурагчид тайзнаа алхсан нь багш болоод хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүдэд маш их таалагдсан юм. Эцэг эхчүүдийн төлөөлөл, 3а ангийн сурагч Нинжингийн аав Д.Бат-Өлзий “Хүүхдүүдэд маш өгөөжтэй арга хэмжээ боллоо. Үндэснийхээ соёл, уламжлал, ёс заншлыг сурахаас эхлээд хүмүүжил талаасаа их ач холбогдолтой. Дээлийг бол өдөр тутам өсөөд байхгүй. Зөвхөн Цагаан сараар л өмсдөг. Харин сургуулиас энэ арга хэмжээг зохиож байгаа нь түүх соёлоо илүү таньж мэдэхэд маш том хувь нэмэр болж байна” гэсэн бол 3б ангийн Э.Мандухайгийн ээж Гүндиймаа “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд харж байхад сургууль бол эцэг, эхчүүдэд түвэг чирэгдэл учруулахгүйгээр хүүхдүүдэд маш өгөөжтэй сайхан арга хэмжээнүүд зохион байгуулдаг. Багш нар нь сэтгэлээрээ энэ бүхнийг хийдэг. Цагаан сарыг тохиолдуулаад монгол хувцасны загварын шоу, үндэсний бөхийн барилдаан, сур харваа зэргийг зохион байгуулж байгаа нь хүүхдүүдэд үнэхээр хэрэгтэй. Хүүхдүүдэд ч үүнд ихээхэн ач холбогдол өгч, идэвхтэй оролцдог. Бид ч сэтгэл хангалуун байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Долоо хоногийн турш үргэлжилсэн “Монгол хэл, соёлын долоо хоног” арга хэмжээний үеэр үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гар зургийн үзэсгэлэн, сайхан бичигтэн, мэдлэгийн тэмцээн гээд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан юм.

 

   

 

 

 

Blog Attachment

Leave us a Comment

logged inYou must be to post a comment.