“Улаанбаатар Элит”-ийнхэн монгол хэл, соёлоор бахархаж байна

abc (3)

“Улаанбаатар Элит”-ийнхэн монгол хэл, соёлоор бахархаж байна

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль Монголын үндэсний хамгийн том уламжлалт баяр болох Цагаан сарыг тохиолдуулан “Монгол хэл, соёлын долоо хоног” арга хэмжээг зохион байгуулж байна. Сургуулийн үүдний хэсэгт жижигхэн гэр барьж, монгол гэрийн эд зүйлсийг багтаан тохижуулсан бөгөөд Сар шиний идээ будааг засаж зэхсэн нь “Улаанбаатар Элит” сургуульд ажилладаг 10 орны багш, 17 орны сурагчид төдийгүй монгол хүүхдүүдийн ч сонирхлыг ихэд татаж байв. Монгол гадаад, багш сурагч гэлтгүй бүгд энэ өдрүүдэд монгол үндэсний дээл хувцсаар гоёж, түүх соёлоор бахархаж байна.

Монгол хэл, соёлын долоо хоногийн хүрээнд мягмар гарагт 1-5 дугаар ангийн хөвгүүд(3 насны ангиллаар) үндэсний бөхөө барилдаж, хүч чадлаа үзсэн бол 6-12 дугаар ангийн сурагчид сур харваж, цэц мэргэнээ сорилоо. Мөн бага ангийн сурагчдын дунд “Монгол гоёл” загварын шоу болсон юм. Үндэсний сурын харвааны тэмцээнд оролцсон, 8-р ангийн сурагч Б.Жамбалцанжод “Сургуулиас сур харвах тэмцээн зохиож байгаа нь маш гоё санагдлаа. Багш нар маань хойч үед монгол ёс уламжлалыг өвлүүлж үлдээхэд тусалж байна. Энэ долоо хоногт би шагай нясалж сурсан. Бас зөв золгох ёсыг мэдэж авсан” хэмээн ярьсан бол Үндэсний бөхийн барилдаанд 4, 5 дугаар ангийнхнаа түрүүлсэн, 5 дугаар ангийн сурагч Ж.Талат “Дөрвөн бөхийг давж, түрүүлсэндээ их баярлаж байна. Эхний хоёр хүүхдийг давахад их догдолсон. Би анх удаа барилдаж байна. Зодог, шуудаг бас анх удаа өмсөж үзлээ. Их хүч чадалтай болсон юм шиг мэдрэмж төрсөн. Монгол хэлний хичээлээрээ бэлгэ дэмбэрэлийн үгсийн талаар үзээд, маш их зүйл мэдэж авсан. Өндөр настнуудын хэлсэн ерөөлийн үг үр хүүхдэд нь сайн сайхныг бий болгодог гэж ойлгосон” хэмээн ярьсан юм.

“Миний Монгол” гар зургийн уралдаан, “Бид сайхан бичигтэн” тэмцээнийг сурагчдын дунд мөн явуулж, шалгарсан бүтээлүүдийг үзэсгэлэн болгон гаргажээ. “Манай сургуульд гаднын олон орны сурагч өөрийн орны хэл соёлыг хамгийн сайн аргаар суралцдаг. Энэ ч утгаараа бид Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол хэл, соёлын долоо хоногийг тэмдэглэж байна. Хамгийн гол нь энэ бүхнээс хүүхдүүдийн сурч, мэдэж авч үлдэж байгаа зүйл их чухал юм. Энэ үйл ажиллагаанд маань сурагчид төдийгүй эцэг, эхчүүд маш идэвхтэй оролцож буйгаас гадна хүүхдүүд монгол хэл, соёлыг маш таатай байдлаар сурч, эзэмшиж байна” хэмээн “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн захирал Мехмет Элчи онцоллоо.

Энэ талаар 7а ангийн сурагч Ж.Аржан “Монгол хэл, соёлын долоо хоногийг зохион байгуулж байгаа багш нартаа үнэхээр баярлаж байна. Монгол бичиг миний дуртай хичээлүүдийн нэг бөгөөд монгол соёлыг тэтгэж байгаа гол зүйл нь гэж боддог. Дээл өмсөхөд надад яг монгол хүн болсон юм шиг мэдрэмж төрсөн. Хэвийн боовоор таваг засахдаа жаргал, зовлон, жаргал гэсэн дарааллаар өрдгийг сая мэдэж авлаа. Бүх арга хэмжээ их сонирхолтой байна. Удахгүй монгол соёлын талаарх мэдлэгийн тэмцээн болно. Тэндээс илүү их юм мэдэж авах байх” хэмээн ярилаа.

Монгол хэл, соёлын долоо хоног эх хэлээрээ уран яруу, зөв сайхан ярихын чухал болон ёс заншил, түүх соёл, үнэт зүйлсээрээ бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх гээд олон талын ач холбогдолтой болж буйг сурагчдын ярианаас харж болно.

Сурагчид даваа гараг бүр Монголын Төрийн дууллыг дуулж, хичээлийн шинэ долоо хоногоо эхлүүлдэг. Энэ нь ч мөн “Улаанбаатар Элит” сургуулийн монгол хэл, соёлыг бэхжүүлэхэд оруулж буй том хувь нэмэр гэдгийг онцлох байна. Өнөөдөр “Монгол өв соёл” мэдлэгийн тэмцээн болон ахлах ангийнхны дунд болох “Монгол гоёл” загварын шоу болсноор Монгол, хэл солын долоо хоног өндөрлөнө.

Blog Attachment

Leave us a Comment

logged inYou must be to post a comment.